ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ЯЛАЛТЫН ҮНЭ ЦЭНЭ АЧ ХОЛБОГДОЛ
ХХ зууны
Монголын түүхэнд тохиолдсон томоохон үйл явдлуудын нэг нь Халхын голын дайн юм.
Уртаашаа 70 км өргөнөөрөө 20 км нутгийг хамарсан фронт дээр Монгол, Зөвлөлт,
Манж, Япон гэсэн талуудаас 130 мянган хүн, 800 нисэх онгоц 1000 гаруй танк
оролцсон дайн 1939 оны 05 сараас 09 сарын 16 хүртэл үргэлжлээд дайн дуусаад 80
жил болжээ.
Халхын голын фронт дээрх дөрвөн сарын дайнд Японы
квантуны армийн гол хүчийг сүйрүүлсэн Монгол-Зөвлөлтийн
ялалт нь хоёр
улс түүний ард түмэн, материаллаг болон оюуны соёл, нэгэн
улсын үхэл сэхлийн хувь заяаг шийдсэн ширүүн тэмцлийн үр дүн байсан
юм.
Хайлаастын
гол, хамар даваа, Баянцагааны нуруу, Нөмрөгийн гол гээд гол гол стратегийн
чухал чиглэлд ширүүн тулалдаан газар сайгүй өрнөхийн зэрэгцээ агаарт ноёрхлоо
тогтоохын төлөө Монгол-Зөвлөлтийн нисэгчид Японы нисэх хүчинтэй эцсийн мөч
хүртлээ тэмцэлдсэн юм. Агаарын зоригт баатрууд маань Японы олон зуун нисэх
онгоцыг устгахдаа Монголын газар нутгийн төлөө халз мөргөлдөн алтан амиа өргөж
байсан түүхтэй билээ. Дэлхийн түүхэн дахь хамгийн том агаарын тулалдаан Халхын
голд болсон нь өнөө хүртэл давтагдаагүйгээрээ онцлог юм.
Аагим халуун,
агаарын дайралт, ам цангах, атаат дайсны бууны овоо хараан дор Монгол ардын
хувьсгалт цэргүүд өөрсдийн үнэнч анд болсон агт морьдынхоо хамт дайсны бүслэлт
ширүүн довтолгооныг бут цохин ах дүү зөвлөлтийн улаан армийн цэргүүдийн баруун
зүүн жигүүрийг хамгаалан байлдаж сүүлчийн балга усаа хуваан ууж байсныг
Зөвлөлтийн улаан арми, түүний ард түмэн одоо ч дурсан санаж байдаг.
Сүүлийн 30 гаруй жилийн дотор, нэн ялангуяа
олон нийтийн хэвлэл мэдээллийн
хэрэгсэл, сошиал медиагаар 1939
оны Халхын голын дайнд ялагчид юу олж авав, юуг алдав гэсэн асуултын
хариулт олон янзаар тайлбарлагдсаар иржээ.
Түүгээр ч барахгүй түүхийг
санаатайгаар гуйвуулах асуудал газар авч байна. Халхын голын дайны үр дүнг санаатайгаар гуйвуулан, үгүйсгэх дайнд гүйцэтгэсэн Монгол-Зөвлөлтийн цэргийн гүйцэтгэсэн үүрэг хувь
нэмрийг санаатай болон санамсаргүй
байдлаар үгүй хийх
хүсэлтэй нийгэм, улс төрийн хүчний үзэл суртал, улс төрийн ашиг сонирхол энэ бүхний ард буй нь ойлгомжтой юм. Үгүй
ядаж Халхын голын байлдааны ялалтын ой бус харин Халхын голын дайны ялалтын ой
гэх зэргээр дээрээсээ эхлээд тушаал шийдвэртээ тусгаж байх нь нэн тэргүүний ач
холбогдолыг нь өндөрт өргөсөн үйл явдал болох юм.
Юун
түрүүнд дайны нийгмийн шинж чанар, түүний үр дүнг илтгэх “Ялалтын үнэ цэнэ”
гэсэн агуулгыг үгүйсгэх гэж
оролдож байна. Жишээлбэл, дайн
биш байлдаан, мөргөлдөөн, конфликт, Номон ханы хэрэг явдал, зөвхөн Орос-Японы
зөрчил байсан гэх гэхчлэн ярьж, бичсэн нь олон бий.
1939
оны 05 дугаар сарын 15 нд Японы нисэх онгоцууд манай хилийн заставыг бөмбөгдсөн,
Японы хороо хэртэй хүчин 05 сард хоёр удаа хил даван Халх голд тулж ирсэн,
Японы хүч нэмэгдүүлсэн дивиз 7, 8 сарын турш Монголын нутаг дээр байж байлдааны
ажиллагаа явуулсан, хилээс 70 км-т орших манай БаянТүмэн буюу одоогийн
Чойбалсан хотыг бөмбөгдсөн зэрэг үйлдэл нь Японы зүгээс БНМАУ-ын эсрэг явуулсан
санаатай түрэмгий үйлдэл яах аргагүй мөн байсан. Мөн алс дорнодын олон улсын
шүүхээс түрэмгий дайн байсан гэж тогтоосон. Бүр тодоруулбал “Халхын голын хэрэг
явдал нь хилийн мөргөлдөөн бус харин ЗСБНХУ, БНМАУ-ын эсрэг Японы талын
явуулсан түрэмгий дайн” байсан гэж дүгнэсэн байна.
Зөвхөн
Орос-Японы цэрэг Монголын нутаг дээр байлдаж Монгол ардын хувьсгалт цэрэг
зөвхөн ар талд байсан мэтээр ташаа ойлгуулж ийм мэдээлэл зориуд тарааж хооронд
нь талцуулж тархи угаалт хүчтэй явагдаж байна. Халхын голд МАХЦ-с амь үрэгдэж
шархадаж сураггүй болсон мянга гаруй хүн юуны төлөө байлдсан болж таарах вэ? Судалж
ярих бус харин сургаар ярих нь хэмжээгүй их болжээ.
Халхын
голд болсон үйл явдал аугаа их цэрэг зэвсэг, эдийн засаг, оюуны санааны өндөр
чадамжтай, дайны фронтын урт өргөн нь хэдэн мянган км хүрдэг Орос, Герман,
Япон, Америк гэх зэрэг улсуудын хувьд жижиг байлдаан мэт харагдаж ойлгогдож
байгаа боловч газар нутаг багатай, эдийн засгийн хүчин чадал бага, цэрэг
зэвсгийн хүч муутай Монгол мэтийн улсуудад бол дайн гэж шууд ойлгогдох нь зүйн
хэрэг юм. Аливаа хөнөөлт дайныг их бага хэмжээгээр нь ангилж болох ч учруулсан
хор хохирол нь агаар нэгэн адил юм.
Нөгөө
талаар Халхын голд Монгол-Зөвлөлтийн цэргийн байгуулсан ялалт нь дэлхийн түүх
олон улсын харилцаанд томоохон өөрчлөлт бий болгож чадсан юм. Халхын голын
дайны үр дүнгээр ЗХУ-Японтой төвийг сахих гэрээ байгуулахдаа Япон нь БНМАУ-ын
газар нутгийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хүлээн
зөвшөөрсөн нь үндсэндээ үндсэндээ БНМАУ-ын де фактог хүлээн зөвшөөрсөн хэрэг
байв. Энэ нь Халхын голын дайны шууд үр дагавар бөгөөд дайны ялалт нь БНМАУ-ын
аюулгүй байдлыг дэлхийн хоёрдугаар дайны туршид хангасан ач холбогдолтой зүйл
болжээ.
Мөн
Халхын голын дайны гал зогсоох хэлэлцээ явуулсны дараа олон жил Японтой байлдаж
байсан Хятадын тал Японы армийн эсрэг хэд хэдэн томоохон давшилтыг анх удаа
амжилттай явуулсан байна. Халхын голын дайны ялалт нь Японы түрэмгийллийн эсрэг
Хятадын удирдагчид болон ард түмний тэмцлийг зоригжуулахад нөлөөлсөн гэж үзэх
үндэслэлтэй юм.
Халхын голын дайн
бол бидний хувьд эх
орон, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн
бүтэн байдал, түүхэн сонголтоо хамгаалсан шударга дайн байсан бөгөөд
түүнд Зөвлөлтийн улаан армийн бүрэлдэхүүнд
байсан бүх үндэстэн ястнууд хувь нэмрээ оруулж, амиа үл хайрлан шударга үнэний төлөө, милатаризмын
эсрэг тэмцсэн билээ. Харин Орос-Японы хувьд
геополитик ашиг сонирхлын орон зайн төлөөх дайн байж болно.
Энэ дайн их хохирол, сүйрлийг дагуулсан.
Хохирол амсахгүйгээр дайсныг ялах
нь бүтэхгүй зүйл юм. Халхын голын
дайны түүхэн ач холбогдол нь милатрист
Японы БНМАУ-ын газар нутагт шунан
санаархаж, боолчлон нийтээр нь устгах санааралд нь няцаалт өгч өөрийн газар
нутгаасаа шахан зайлуулан тусгаар улс гэдгээ зарлан тунхагласан явдалд
оршино. Азийн олон сая
хүмүүс улс оронд эрх чөлөө тусгаар
тогтнолоо дайсанд алдах түүнийгээ хичээвэл хэрхэн хамтын хүчээр олж авч
болдогийг дайны уршгаар ойлгосон гэж болно.
Халхын голын
дайны талбарт дайтагч талуудаас 20
орчим мянган хүн амь үрэгдэж олон мянган хүн шархдан ор сураггүй алга болсон.
Дайнд оролцсон орнууд хүний хохирлоос гадна асар олон хохирлыг амссан билээ.
Хүн амын эрчүүдийн мэдэгдэхүйц хэсгийг зэвсэгт хүчинд дайчилсан,
материаллаг ахуйн хомсдол үүссэн зэрэг эдийн
засагт ч нөлөөлсөн юм. Монгол Улс улсын төсвийнхөө 60%-г энэ дайнд зарцуулж,
нийт цэргийнхээ 50%-г зарцуулсан гэхээр яах аргагүй дайн байсан юм.
Дайны хамгийн том хохирлыг Зөвлөлтийн улаан арми амсчээ. Зөвлөлтийн улаан армийн 18 мянган цэрэг алагдах
буюу шархадсан байна. Харин Монгол Ардын хувьсгалт цэргээс 990 хүн амь үрэгдэх
буюу шархадаж сураггүй болсны хэрээр олон гэр бүл аав ээж ах дүү төрөл
төрөгсөдөөсөө үүрд хагацан салсан гашуун түүхтэй. Одоо хүртэл бид амь үрэгдэж сураггүй болсон цэрэг
эрсийнхээ тоог нцсийн байдлаар гаргаж чадаагүй өнөөг хүртэл судалсаар л байна.
Халхын голд зорилгоо
биелүүлж чадаагүй бүслэгдэн бут цохигдсон Японы тал 1939 оны 09 сарын 16 нд
дайныг галыг зогсоох тухай хэлэлцээрт оролцон гарын үсэг зурснаар Халхын голын
дайн тэр дундаа дэлхийн хоёрдугаар дайны Ази дахь голомт түр унтарсан юм. Халхын
голын дайныг их дайн эхлэл тэр дундаа дэлхийн хамгийн их хөнөөлт дайн болох
хоёрдугаар дайны эхлэл гэж судлаачид үзэх болсон. Тийм ч учраас Халхын голын
дайныг үзэх үзэл хандлага ач холбогдол нь нэн үнэ цэнэтэй юм.
“Халх голын ялалт нь тухайн
үеийн олон улсын улс төрийн хүчний харьцааг өөрчилж, Япон улс фашист Германтай
нэгдэж ЗХУ-тай дайтахгүй байх шийдвэр гаргахад нөлөөлж, улмаар 1941 оны хүнд
цаг үеүүдэд Алс дорнодоос цэргийн их хэмжээний хүчийг Москва руу нүүлгэн
шилжүүлэх нөхцөл, боломжийг бий болгосон билээ. Чухамхүү цэргийн энэхүү
хүчин ЗХУ-ын нийслэлийг хамгаалахад, улмаар Улаан арми сөрөг довтолгоо хийхэд
чухал үүрэг гүйцэтгэсэн”
Халхын голын дайны ялалт бол Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь
нэмэр оруулсан XX зууны томоохон түүхэн үйл явдлын нэг мөн. Энэхүү ялалтын ач холбогдлыг залуу, хойч үеийнхэнд сурталчлан таниулах
нь та
бидний ариун журамт үүрэг тул энэ үүргээ ямагт ухамсарлан Халхын голын ялалтын
ойг аливаа тэгш ойн жил дээр санан тэмдэглэх бус харин жил бүр тэмдэглэж ач
холбогдлыг нь өндөрт өргөх нь та бидний үүрэг мөн.
Comments
Post a Comment