БАТ ХАНЫ ИЖИЛ МӨРНИЙ БУЛГАРЫГ БАЙЛДАН ДАГУУЛСАН ТҮҮХ
Монголын эзэнт гүрний Хархорум хотноо 1235 онд Өгэдэй хаан их хуралдайг зарлан хуралдуулан баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх төлөвлөгөө боловсруулж хэлэлцсэн байна. Гэвч тэр хуралдай дээр баруун зүгт хийх аян дайны талаар үнэхээр хэлэлцсэн эсэх, албан ёсны түүхийн сурвалжид чухам юуны талаар хэлэлцсэн нь тодорхой бус байдаг. Зөвхөн Кибчагын эсрэг дайныг (Өрнө зүгийн дайн) л хэлэлцсэн. Учир нь баруун зүгийн Европын улс орнуудыг дайлахаар шийдсэн бол Чингис хааны үед Хорезм хэмээх ганц улсын эсрэг хийсэн аян дайнаас цар хүрээний хувьд том оролцсон цэргийн тооны хувьд ч том байх ёстой юм.

Кибчагын эсрэг хийсэн энэ аян дайн нь 1223 оны Зэв, Сүбээдэй нарын Мухамед шахын араас нэхэн аялан байлдсантай цар хэмжээ ойр цэргийн тоо ч адилхан байдаг. Хорезмыг байлдан дагуулах үед Монголын цэргийн тоо 120-140 мянгын хооронд байж Зэв, Сүбээдэй нар 20-30 мянган цэргээр Мухамед шахыг нэхэж байсан. Харин Бат хаан Кибчагуудын араас 40-50 мянга орчим цэргээр нэхсэн зэргээс үзэхэд энэ удаагийн дайн нь Европ болон Оросуудын эсрэг биш харин Кибчагуудын эсрэг чиглэсэн аян дайн байжээ.
            Монголчууд Кибчагуудтай дараах учир шалтгааны улмаас байлдсан юм. Чингис хааны цэрэгт 1208 онд бут цохиулсан Мэргэд аймаг баруун тийш дутаан Кибчагуудын ивээлд очиж хорогдсон бөгөөд монголын баруун хойд талаас аюул учруулж болзошгүй байлаа. Тиймээс түүнийг яаралтай устгах үүргийг 1216 он, 1222 он, 1223 онд Зэв, Сүбээдэй нарт өгч байжээ. Мөн Хорезмын аян дайны үед Хорезм султаны цэрэгт олон тооны Кибчаг цэргүүд байлдаж монголчуудад ихээхэн хохирол учруулж байсан юм.
Кибчагын аян дайныг манлайлан удирдагчаар Зүчийн хүү Бат томилогдсон байна. Бат их хаан Өгэдэйг дагаж 1230-1234 онд Хятадад аян дайнд оролцохдоо жанжны суу билгээ харуулж ихэд үнэлүүлсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Түүний зөвлөхөөр тухайн үед 60 орчим настай Сүбээдэй, мөн “Бурундай” хэмээх нэрээрээ өрнөдөд алдартай Боролдай болон бусад баатрууд явсан байна. Сүбээдэй жанжин цэрэг удирдахаас илүүтэй эрх мэдэлдээ эрэмшсэн хан хөвгүүдийн эе эвийг олж, нэгэн удирдлагын дор зохицуулах ихээхэн төвөгтэй  үүргийг хүлээсэн юм. Энэ аян дайныг хан хөвгүүдийн, ахмад хөвгүүдийн аян дайн хэмээн бас нэрлэдэг. Учир нь энэ удаагийн аян дайнд Чингис хааны алтан ургийн 13 хан хүү оролцсон. Зүчийн хүү Орд, Бат, Бэрх, Шейбан, Тангут, Цагаадайн хүү Байдар, ач Бүри, Өгэдэйн хүү Гүюг, Хадан, ач Хайду, Тулуйн хүү Мөнх, Бүжэг, Чингис хааны тав дахь хүү Хүлгэн нар оролцсон юм.
 Кибчагчин аян дайны замд ижил мөрний Булгар (Волжинский Булгар) хэмээх Түрэг гаралтай хаант улс Монголчуудын замд саад болж байсан юм. Булгар бол тухайн үедээ сайтар зэвсэглэсэн чадвартай хүчирхэг морин цэрэгтэй, давшин байлдах хийгээд хориглон байлдах арвин туршлагатай нүүдэлчин суурин амьдрал хосолсон ард түмэн байжээ. Торгоны замын нэг хэсэг салаа нь Булгарын нутгаар дамжин өнгөрдөг байсан юм. Түүхэнд ижил мөрний Булгарчууд гэж нэрлэдэг. Мөн аугаа (Великий Булгария) Булгар хэмээх хаант улс байсан. Энд өгүүлээд буй Булгар нь Болгар хэмээх европын ард түмэн бус харин ижлийн Булгарчууд гэж ойлгох нь зүйтэй биз ээ. Булгарчуудын тухай Ж.Саундерс “Монголын байлдан дагуулал” бүтээлдээ: Түрэг хэлээр ярьдаг нүүдэлчин Булгарчууд олон улсын худалдааны гол зам дайран өнгөрдөг стратегийн ашигтай зангилаан дээр суурьшин сууж, Мавераннахрын зах зээл дээр үнэт ангийн арьс үс, боол худалдан оронд нь зэр зэвсэг, таваар авч, лалын шашныг шүтдэг байв. Тэд гэрт сууж, мал адуулж байсан бөгөөд бусадтай худалдаа наймаа хийж байснаараа зэрлэг байдлаасаа бага зэрэг дээш ахисан байв. Мөн газар боловсруулж, Саманидын зоосны хувилбар мөнгөн зоос цохиж байв гэж бичсэн байдаг.
            Тэдний цохилтын гол хүч нь хүнд морин цэрэг бөгөөд тэд гэнэтийн цохилт бэлтгэж дайсан этгээдийг бут ниргэх гайхалтай урлаг эзэмшсэн, отоонд оруулж гэнэт дайрдаг тактиктай байжээ. Мөн Булгарын хотууд бэхлэлт сайтай, оршин суугч олонтой учир олон тооны хамгаалагч гаргах чадалтай цэргийн хүчний хувьд Кибчагуудаас ч илүү байжээ.
            Булгарт очсон Мажарын шашны номлогч Юлианы үгээр бол “тун сайн бэхэлсэн, хүн олонтой, нэгнээс нь гэхэд таван түмэн зэвсэгт дайчин гаргаж чадах 60 цайз” монголчуудыг сөрөн зогсож байсан юм. Эндээс харахад л Булгарчууд Монголчуудын урт удаан бүслэлтийг тэсч гарж чадахаар байжээ.
Монголчууд Булгарчуудтай 1223 оны Калка голын тулалдааны үед анх тулгарч байжээ. Тэр үед Булгарчууд Орос-Кибчагын нэгдсэн армийн талд орон тулалдаж байсан юм. Булгарчууд уг тулалдаанд ялагдан зугтсан Кибчагуудыг нутагтаа оруулан өмгөөлж хамгаалж байсан юм. Булгарууд гарал угсаа ойролцоо гэдэг утгаараа Кибчагуудыг зүйл бүрээр өмгөөлөн хамгаалж байсан нь Монголчуудтай муудалцах гол шалтгаан болж өгчээ.
Монголчууд 1223 онд Кибчагуудыг хөөж яваад Булгарын нутагт орон багахан шиг тулалдаан хийсэн бол 1229 онд томоохон хүчээр Булгарын хилд халдаж тагнан турших ажиллагаа явуулж Булгарын нутагт нуугдсан саксин, буртас болон кибчагуудын зарим овог аймгийг бут цохиж улмаар нутаг буцжээ. Монголчуудын энэхүү довтолгооноос Булгарчууд дорно зүгээс ирж болзошгүй аюулыг ерөнхийдөө төсөөлсөн бөгөөд хөрш оросын вант улсуудтай харилцаа холбоо тогтоож эхэлсэн юм.
Булгарчууд хөрш Владимир-Суздалийн вант улстай 6 жилийн хугацаатай эвийн гэрээ байгуулж зүүн талаасаа довтолгоонд өртөх үед ар талаа аюулгүй болгохыг хичээсэн зэргээс үзэхэд Монголчуудын эсрэг сайн бэлтгэж байжээ. Урьд нь Оросууд байнга шахам Булгарт халдан довтолдог байсан юм. Оросууд Булгарын эсрэг 1164, 1172, 1184, 1186, 1205, 1220, 1226, 1228, 1232 онуудад довтолж байсан эзэлж чадаагүй л байлаа.
Сөнөдэй баатрын захирсан Зүчийн улсын цөөн тооны цэрэг 1232-1236 онуудад Булгарын нутагт хэд хэдэн удаа халдаж байсан ч байлдан дагуулах зорилго тавиагүй юм. Гэхдээ довтолгоон нэлээд ширүүн байж Булгарчуудын зарим хот сууринг эзлэн тэдний хамгаалалт болон байлдааны бэлэн байдлыг нэг талаар тагнан туршсан бололтой.
Бат хан 1236 оны намар Булгарт нэвтрэн орох тэр үед Гүюг, Мөнх болон зарим хан хөвгүүд Кибчагуудтай дайтаж эхлэсэн юм. Бат хан Булгарт өөрийн ах дүүс болох Орду, Тангут, Шибан, мөн Цагайдайн ач Бүри, Чингис хааны отгон хүү Хүлгэн нарын хамтаар нэвтрэн оржээ. Булгар улсын газар нутаг өөрийнх нь улсын бүрэлдэхүүнд орох байсан учир Бат хан их цэргийг өөрийн биеэр биечлэн удирдсан байна.
Бат хан юуны өмнө Булгарчуудын дотоод зөрчил тэмцлийг чадмаг ашигласан байдаг. Энэ арга бол түүний өвөө Чингис хааны үеэс хэрэгжиж ирсэн арга юм. Мажарын Юлианы өгүүлснээр “Тэнд хоёр ноён байв. Нэг нь нийт ард иргэд хийгээд гэр бүлээ авч татарын эзнийг хүлцэн дагав. Нөгөөх нь цөөн хүний хамтаар хүч хүрвэл хамгаалан байлдахаар хүчтэй бэхэлсэн газар орон руу явав” хэмээжээ. Мөн “Тэндхийн эмир Баян, Жикү нар ирж хан хөвүүдэд хүлцэл өчиж даган захирагдахаа илэрхийлэв. Өршөөл ивээл хүртээд эгэж явав” хэмээн Рашид ад дин өгүүлжээ. Булгарчуудын зарим нь Бат ханд дагаар орсон ч гэсэн эсэргүүцэх чадвар сайтай байжээ. Булгарын хотуудад нийтдээ 200-250,000 орчим байлдах чадвартай цэргүүд хийгээд байлдах чадвар бүхий хүчин байжээ. Булгарчууд мөн өөрсдийн холбоотон Башкир, Кибчагуудаас цэргийн тусламж аваад байсан юм. Харин эртний холбоотон Оросууд олигтой тусламж үзүүлсэнгүй хамтран тэмцсэн ч үгүй зөнд нь хаяж дунд нь дүлэгнэж орхижээ. Ижил мөрнийг Монголын их цэрэг гатлах үед оросын Суздалийн ван Ярослав завь сал гээд бүхий зүйлээр тусалж байсан юм.
Бат ханы дүү Шейбан их цэргийн зүүн жигүүрийг удирдаж Булгарын нутагт цөмрөн оржээ. Бат хан төв хэсгээр өөрийн цэргээ аван явжээ. Булгарчууд Монголын их цэрэг ойртон ирэх сургаар 400,000 буюу 40 түмэн цэрэг дайчилсан гэж Жувейны, Рашид ад Дин нар тэмдэглэсэн нь бага зэрэг дөвийлгөсөн тоо ч Монголын 6 түм орчим цэргийн хажууд хэд дахин илүү хүч юм. Оросын түүхч Халиковын авч үзсэн Булгарчууд 200-250,000 цэрэгтэй байсан гэдэг нь арай дөхүү тоо юм. Гэвч Булгарчууд цэргүүдээ ихэнх хот сууриндаа хуваан тараан байршуулсан нь томоохон алдаа болжээ. Хорезм шах мөн цагтаа Чингис хааны эсрэг ийм алдаа гаргаж байсан.
Монголын цэрэг Булгарын хилийн хот сууринг хялбархан эзлэн авч төв хэсэг рүү нь шахан оржээ. Улсын нийслэл Булгар, Кернек, Сувар, Биляр, Жукотин зэрэг хот үнс нурам болж үлдэв гэж Смирнов өөрийн бүтээлдээ өгүүлсэн бол Жувейны “Дэлхийн байлдан дагуулагчийн түүх” зохиолдоо ... “Тэд (Монголчууд) дэлхий дахинд газар зүйн байршлын хувьд халдашгүй гэгддэг, хүн амынхаа олноор алдаршсан Булгар хотыг дайран авлаа” гэж өгүүлснээс үзэхэд томоохон тулалдаан болсон гэдэг нь эргэлзээнгүй юм.
Анхны тулгарлтаар Монгол цэрэг Булгарын ихээхэн хүчийг дарсан тул цаашид томоохон тулалдаан болсон гэх баримт ховор юм. Булгаартай явуулсан дайнд оролцсон монгол жанжингуудаас чухам хэн нь Биляр, Булгар хотуудыг эзлэн авсан тухай эх сурвалжид үлдээгүй боловч фронтыг ерөнхийд нь Бат хан биечлэн удирдаж явжээ. Дорнын он дараалсан бичиг зохиогчид, оросын он дараалсан түүхийн бичээч нарын аль аль нь Булгарын хотууд болох Булгар, Жукотин, Биляр, Кернек болон бусад хотыг монголчууд эзлэн авсан тухай өгүүлдэг. Жувейны Булгар хотыг дайран эзэлсэн тухай өгүүлсэн ч хүн амыг нь хүйс тэмтрэн хядсан тухай дурдаагүй, Раш ад дин мөн “монгол цэрэг “Их Булгар хот”-ыг хүрч тэндхийн цэргийг бут цохиод, тэднийг хүчээр захиргаандаа оруулав” хэмээн өгүүлсэн ч хүмүүсийг үй олноор нь хядсан тухай юу ч дурдаагүй, Чингис хааны үр хүүхдүүдэд төдийлөн найртай бус хандлагатай татаарын “Идегей” хэмээх тууль бүтээгчид мөн л дараах байдлаар өгүүлсэн нь сонирхолтой:
Чингисийн ач Байду ирээд
Дайран орохоор шийдэв
Ариун хот Булгарыг эзэлсэн ч
Айхавтар ихээр сүйтгэсэнгүй.
Үүнээс үзэхэд сүйтгэж бусниулсан зүйл харагдахгүй байна. Сүүлд Булгар хот Сарай хотыг байгуулагдахаас өмнө Бат ханы өргөө хотуудын нэг байсныг харгалзан үзвэл тэрээр өөрөө нэгэнт л эзэмдэх санаатай байсан болохоор эл хотыг эвдэлж сүйтгээгүй, хүн амыг нь алж хядаагүй хэмээн үзэж болно. Энэ талаар оросын Евразийн талыг баримтлагч эрдэмтэд санал нэгтэй байдаг.
1237 оны намар гэхэд Булгарын ихэнх хот сууринг монголчууд эзэлж ижил мөрний Булгар монголчуудын эрхшээлд нэгэнт оржээ. Оросын түүхчдийн өгүүлсэн (хөхүүл нярайгаас өтгөс хүртэл) шиг Монголчууд туйлын харгис ширүүн байж нэг ч хүн үлдээлгүй хүйс тэмтэрсэн хот суурингаас нэг ч балгас үлдээлгүй устгасан гэдэг нь худал бөгөөд Булгарчууд хожим хэд хэдэн удаа монголчуудын эсрэг бослого гаргаж байсан хүн хүч зэргээс нь үзэхэд өгүүлээд байгаа шиг харгислал үйлдээгүй болох нь тодорхой юм.
            Бат хан Булгарыг эзлээд өөрийнх нь захиргааг хүлээн зөвшөөрсөн орон нутгийн вангуудаас сонгож төр баригчаар тавихдаа ард түмнийх нь дэмжлэг үр нөлөөтэй байдал зэргийг нь харгалзан үзэж дотроос нь захирагч нарыг томилсон байна. Энэ талаар Рашид ад дин ... тэндхийн эмир Жикү, Баян нар хүлцэн дагахаа илэрхийлж өршөөл ивээл олсон тухай өгүүлсэн байдаг. Энэ тогтолцоо нь үр дүнтэй нь харагдсан ба цаашид нэлээд уджээ. Тэндхийн хаадыг келар хэмээх агаад тэд өнөө ч буй хэмээн Рашид ад Дин тэмдэглэжээ.
            Бат хан Булгарчууд болон Мордвануудаар (Мордов) цэргийн хүчээ нэмэгдүүлсэн нь цааш Кибчагуудтай дайтахад нь тус нэмэр болсон. Ийнхүү Бат ханы Булгарчуудын эсрэг 1236 оны намрын сүүлчээр эхлүүлэн явуулсан аян дайн 1237 оны намар гэхэд бүрэн дууссан юм. Булгар улсыг эзлэн авснаар Монголын цэргийн өрнө зүгт явах зам нээлттэй болж ард талдаа санаа зоволтгүй цэргийн хэрэгсэл хангамжаа татан авахад дөхөмтэй болжээ.
ОХУ-ын бүрэлдэхүүн дахь өнөөгийн Татарстан, Чувашийн бүгд найрамдах улсууд нь эртний ижил мөрний Булгарчуудын үр удам юм. Татарстанчууд Монгол гаралтай гэдэг нь худал бөгөөд зөвхөн Татар гэдэг нэрийг зээдпэж авсан түрэг угсаатай Булгарчуудын удам мөн. Ижил мөрний Булгарчуудын түүхийн судалгаа Монголд нэн ховор, ОХУ-д нэлээд сайн хөгжсөн бөгөөд цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай юм.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ
1.    Т.Сүхбаатар. “Алтан ордны улсын цэргийн байгуулалтын судалгаа” Цэргийн түүхийн ухаанаар докторын зэрэг горилсон диссертац. УБ.2016 он.
2.    Р.Ю.Почекаев. “Бат хаан” УБ. 2013 он.
3.    Г.В.Вернадский. “Монголын эзэнт гүрэн” УБ.2015 он.
4.    Г.В.Вернадский. “Монголчууд ба Орос орон” УБ. 2008 он.
5.    С.Цолмон. “Монголын Алтан ордон улс” УБ. 2006.он
6.    Ч.Чойсамба. “Бат хааны байлдан дагуулалт” УБ. 2012 он.
7.    Л.В.Черепин. “Татаар-Монголчууд Орост XIII зуун, Татаар-Монголчууд Ази Европт” Москва.1977 он.
8.    В.Н.Татищев “Оросын түүх таван хэсэгт. Цахим хэвлэл: бичил диск” Москва. 2003 он.
9.    И.Л.Измайлов. “X-XIII зууны Ижил мөрний Булгарын цэргийн урлаг (хамгаалалт хийгээд хээрийн байлдааны стратеги, тактик)// Евразийн соёлын уламжлал: дундад зууны түүх, археологийн асуудлууд. “Дорно-Өрнө: Евразийн соёлын яриа хэлэлцээ” цуврал. Дугаар 4. Казань, 2004 он.
10. С.А.Аннинский. “Доминик лам Юлиан Монгол-Татарын тухай. 1235-1237”. Москва. 1996.
11. А.А.Арсланова. “Эрт урдын үлдэж хоцорсон номууд” Казань. 2002 он.
12. С.Липкин. “Идегей: Татарын ардын тууль” Казань. 1990 он.
13. М.Г.Сафаргалиев. “Алтан ордын задрал” Москва. 1996 он.
14. А.Х.Халиков. “Монгол, татарууд ба Алтан ордны улс, Булгарчууд” Казань. 1994 он
15. Типографийн он дараалсан бичиг. “Рязань. 2001 он.

Comments

Popular posts from this blog

Буриадаар аяласан тэмдэглэл

КАСЕ-ДАГИЙН ТУЛАЛДААН