БНХАУ-АФРИКИЙН ТҮНШЛЭЛ, ЭРСДЭЛ, БОЛГООМЖЛОЛ
БНХАУ-ын эдийн засгийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр дэлхий дахинд үзүүлэх
нөлөө нь ихсэж байна гэж сүүлийн үед их ярих болсон. Хөрөнгө оруулагчдын
хувьд хоёрдугаар зэргийн ач холбогдолтой гэгддэг бүс нутгуудад ч Хятадын
хөрөнгө, дипломат үйл ажиллагаа идэвхжиж буй нь
үнэн. Гэхдээ Африк тивд Хятад хуучин колоничлогч гүрнүүд шиг “түрэмгий” хандаж, тэгэхдээ дэлхийд
тэргүүлэх гэж өрсөлдөж буй гүрэн шиг зан гаргалгүй ядуу орнуудын хөгжилд
туслагчийн дүрийг илүүтэй үзүүлэх болсон. Ирээдүйн
гол түнш гэж БНХАУ Африкийг нэрлэсэн нь үнэхээр эдийн засгийн түншлэл эсвэл
колонийн бодлого явуулж байгаа эсэх талаас нь нь харж уг өгүүлэлд тусгахыг
оролдлоо.
НЭГ. ХЯТАДЫН АФРИКТ
ОРУУЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Эдийн засаг нь улам бүр хүчирхэг болж байгаа ч БНХАУ-ын
хувьд хүн амын хурдацтай өсөлт нь ноцтой асуудал үүсгэж байгаа
юм. Хүн амын хэт өсөлтийг дагаад ажилгүйдэл ядуурал газар авч коммунист
дэглэмтэй энэ улсад бослого үймээн самуун үе үе гарах болсон. Энэ хямралт
байдлаас сэргийлэхийн тулд Хятадууд хямд ажиллах хүчийг гадаадын улс орнуудад
санал болгож байгаа юм. Ялангуяа Латин Америк, Африк тивд хуучин колоничлогч нартай өрсөлдөхөөс өөр аргагүй байдалд хүрээд
байна. Латин Америк, Африк
гэсэн хоёр тив хөрөнгө оруулалт, зээл тусламж, мэргэжилтэй боловсон хүчнээр байнга дутагдаж байдаг нь Хятадын
хувьд хамгийн зөв бодлого гэж өөрсдөө дүгнэдэг.
Хятадууд
Африк тивийг зөвхөн эдийн засгийн хувьд л сонирходог гэж өөрсдөө хэлдэг ч
ачир дээрээ эдийн засгаар дамжуулан улс төр геополитикийн бодлогоо явуулж буй
нь тодорхой юм. Улам бүр
өсөн нэмэгдэж буй Хятадын аж үйлдвэрт их хэмжээний эрчим хүч, түүхий эд
хэрэгтэй учраас Бээжингийн эрх баригчид дэлхий дахинд өрнөж буй нөөцийн дахин хувиралтад идэвхтэй оролцох болсон. Хятадын 2000 орчим үндэсний хэмжээний корпорациуд Алжир, Нигер, ӨАБНУ, Ангол, Судан зэрэг газрын тос, байгалийн хий, металлын ордоор
баялаг улс орнууд дээр төвлөрч хөрөнгө оруулалтыг харамгүй хийж байна. Хятадууд Африк тивийн бүх газрын тосны
гуравны нэг[1],
Өмнөд Африкийн нүүрс, Габоны төмөр, Гвинейгээс үнэт мод, Замбиас зэс авч
эхэлсэн юм.
Африкийн
ерөнхийлөгчдийн хамгийн их хийх дуртай дэд бүтцийн томоохон төслүүдэд Хятадууд их хэмжээний хөрөнгө оруулах болсон. Далайн боомт, төмөр замыг өргөжүүлэн
сайжруулах салбарт хөрөнгө оруулалт хийснээр
Африкийн түүхий эд, байгалийн баялгийг Хятад руу шууд зөөх боломжоор бүрэн дүүрэн хангаж өгч байгаа юм. Хятадын бодлого Африкийг зөвхөн түүхий эд нийлүүлэгч тив болгохоос гадна хятадын бараа,
бүтээгдэхүүний тогтвортой зах зээл болгоход оршиж байна. Жишээ нь Африкт Хятадын эдийн засгийн
тусгай бүс бий болгож, үйлдвэрүүдээ тийш нь нүүлгэн шилжүүлснээр юаны гуйвуулга
хийдэг байна. Энэ нь Хятад үндэсний мөнгөн тэмдэгтээ олон улсын валют болгох
гэсэн бодлого юм.
Хятадын
компаниуд Африкийн аль нэг ордод олборлолт явуулсныхаа хариуд ямар нэгэн объект барьж өгөх ёстой гэсэн бичигдээгүй хууль
үйлчилдэг. Жишээ нь
Замбийн нийслэл Лусака хотод ийм маягаар Хөдөлмөрийн яамны барилга, Кени улсын нийслэл
Найроби хотод иж бүрэн орон сууцны хороолол, Төрийн хувьчлалын агентлагийн байр, түүнчлэн Хөл бөмбөгийн ордон баригджээ. Өнөөдөр Африкийн барилгын зах
зээлийн 30-40
хувийг Хятадууд дангаараа эзэлж байна. Хятад улс Африкт 328[2]
тэрбум ам долларын өртөг бүхий барилгын төсөл хэрэгжүүлэх гэрээтэй. Зөвхөн 2016
оны эхний 3 сарын байдлаар Африкийн бүх томоохон нийт төслийн 16 хувийг[3]
Хятад дангаар гүйцэтгэж байна. Мөн Хятадын удирдагч Ши Жин Пин 2015 онд 60
тэрбум ам долларын[4]
төсөл санаачилж байсан зэргээс үзэхэд ямар их ач холбогдол өгч буй нь харагдаж
байна. Африк тивд 2015 онд нийт 66,5 тэрбум ам долларын өртөг бүхий 705 төсөл
хэрэгжсэн байна. Үүнээс БНХАУ 3% буюу 2,3 тэрбум ам долларын 32 төсөл
хэрэгжүүлсэн байна[5].
Гэхдээ
Африкийн зах зээлд Хятадын маш хүчтэй өрсөлдөгчид олон бий. Хуучин колоничлогч гүрнүүд болон
АНУ, Хятадын компаниудад
Баруун Африк дахь зах зээлээ тун ч дургүй тавьж өгч байгаа юм. Үүнийх нь эсрэг “Хятадын аюул” гэдэг улс төрийн
суртал ухуулаг ихээр явуулж байна. Энэтхэг улс ч мөн адил Африкийн нөөцийг авах гэж оролдсон. Бразил, Турк, Япон, Орос
улсууд 2000-аад оны дунд үеэс Африкийн нөөцийг хуваах уралдаанд оролцож эхэлсэн юм. Гэхдээ Хятадууд үргэлж дангаар ялалт байгуулж тэр болгон чадаагүй. Тиймээс бусад улстай
хамтарсан төслүүдийг ч хэрэгжүүлж эхэлжээ.
Хятадууд
Африк тивд ураны эрэл хайгуул, олборлолтоор багагүй амжилтанд хүрсэн. Канад,
Казахстан, Австралиас гадна ураны томоохон зах зээл энэ тивд бий болж байна. Хятад улс Намиби, ӨАБНУ,
Нигерийг ураны зах зээл болгохыг зорьж байгаа гэж барууныхан үздэг. 2016 оноос 5700
тонн уран олборлох хүчин чадалтай, Намибийн төв мужид байрлах Хисаб нэртэй орд
газрын төсөл[6] хэрэгжиж
эхлээд байна. Намибийн
ураныг Хятадууд дангаараа хэрэглэх бөгөөд ирээдүйд Хятад улс атомын цахилгаан станцынхаа тоог
хоёр дахин нэмэх төлөвлөгөөтэй үүнд нь уг уран хэрэгтэй болох нь гарцаагүй юм. Хисабын хувьцааны хяналтын багцын ихэнх хувийг Хятадын “China Guangdong Nuclear Power Holding Corp” корпорац эзэмших юм. Хятадын ураны олборлолт зөвхөн энхийн
зориулалттай гэвэл өрөөсгөл. Жил бүр олборлосон уранаас тодорхой хэсгийг
хамгийн өндөр хэмжээнд баяжуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг. Тэгээд ч
Хятад улс олноор сүйтгэх зэвсгийн эсрэг ямар ч олон улсын бичиг баримтад гарын
үсэг зураагүй. Цөмийн зэвсгээ элдэв янзын саад тотгоргүйгээр хөгжүүлэх
боломж гарч ирж байна гэсэн үг. Хэнд цөмийн зэвсэгтэй байна түүнд хүчирхэг эрх
мэдэл байх болно.
Хятадуудын Африк
дахь үйлдлийг шүүмжлэх хүмүүс ч олон бий. Хятадын компаниуд Африкийн сул дорой удирдагчдын гэнэн байдлыг далимдуулж алтыг нь аваад авдрыг нь хаяж байна
гэж хуучин колоничлогчид буруутгадаг. Түүнээс гадна Хятадын компаниуд өөрсдийн хүмүүсийг
ажиллуулахыг илүүд үздэг бөгөөд тухайн улсын иргэдийг бараг хөлсөлдөггүй. Зарим
тоо баримтаас харахад эдүгээ Африк тивд 600 мянган хятад иргэн[7]
ажиллаж байгаа аж. Тиймээс Хятадын хувийн болоод төрийн өмчит компаниуд Африк
дахь стратегиа өөрчлөх хэрэгтэй болоод байна.
2012 оноос
хойш Хятад Африкийн орнуудад 100
тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд
байгаа ба 2013 оны эцсийн байдлаар Хятадууд Африкт нийт 26 тэрбум[8]
долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь
Африкийн хувьд багагүй тоо ч Хятадын хувьд нийт шууд хөрөнгө оруулалтын дөнгөж
3-4 хувийг эзэлж байгаа бол Африк дахь нийт гаднын хөрөнгө оруулалтын 4.4
хувийг эзэлж байна. Энэ тоо 2014 онд 32 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт
болж Африк дахь нийт хөрөнгө оруулалтын 5%[9]
эзэлж байна. Түүгээр
барахгүй Хятадууд Африкийн Засгийн газруудад дуртай зээл олгодог бөгөөд энэ нь
Олон улсын валютын сангийн Африкийн орнуудын төсвийн зарцуулалтыг сайжруулах
ажилд багагүй саад болдог байна. 2015 оны байдлаар нийт 325[10]
тэрбум ам долларын төсөл хэрэгжүүлж байгаа нь өмнөх онуудаас 15 хувиар өссөн
гэсэн үг юм.
Сүүлийн
жилүүдэд Африкийн хэд хэдэн орнуудад дунд анги гэж нэрлэж болохоор хэсэг хүмүүс
бий болж эрэлт үүссэн нь Хятадын төслүүд амжилттай хэрэгжихэд нэг түлхэц
болжээ. Хямд үнэтэй, энгийн хийцтэй Хятадын бараа Африкийн хэрэглэгчдийн хувьд
яг тохирсон зүйл болсон. Тиймээс барууны өндөр стандарт бүхий бусад үйлдвэрлэгчид Хятадуудад байраа тавьж өгөхөөс ч өөр аргагүй байна.
Ялангуяа
Африк дахь Энэтхэгийн нөлөөлөл ихсэх тусам хоёр орны харилцаа хүндхэн байдалд
орно. Энэтхэг, Хятадын харилцаа эртнээс адармаатай явж ирсэн. 1962 онд хоёр
орон газар нутгийн маргаанаас болж дайны байдалд орж энэтхэгүүд гутамшигтайгаар ялагдсан билээ. Дэлхийн
тэрбум гаруй хүнтэй хоёр том улс аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхэд
байгалийн баялаг дутмаг. Мөн Гималайн нурууны маргаантай газар нутгаас болж мөнхөд маргалдсаар ирсэн.
Харин одоо хар тивийн төлөө мөн л өрсөлдөж эхэллээ. Дээрх байдлыг Кенийн нийслэл Найробид
төвөггүй харж болох ажээ. Энэтхэгийн компаниуд аливаад эрсдэлээс зайлсхийж нямбай дараалалтай
ажлаа гүйцэтгэдэг бол хятадууд ямар ч хамаагүй ажлыг гололгүй авч хурдан шуурхай
хийдэг.
Хятадын
“China Wu Yi” компани Мозамбикт 21 давхар барилга барьж байна[11].
Дээрээ нисдэг тэрэг буух талбайтай уг барилга нь их сургуулийн шинэ кампус юм. Тус компани Бээжингийн эрх баригчдын
тусламжтайгаар дээрх барилгын ажлын дараа Кенид 18 объект барихаар захиалга
авсан. Мөн саяхан 50 км хурдны
зам Тикаг[12]
барьж хүлээлгэж өгсөн нь өдгөө Кенийн бахархал болоод байгаа.
Харин Энэтхэгчүүд 200 жилийн өмнө Африкийг “нээсэн”
байтал яахаараа ердөө сүүлийн 10-15 жилд хятадуудын олсон амжилтаас хол
хоцорсон талаар өөр хоорондоо гайхан ярьж байна. Тэд Хятадын засгийн газар
бизнесмэнүүдээ бодлоготойгоор дэмждэг. Харин бид бор зүрхээрээ ажиллаж байна
гэж гомдоллож сууна. Энэтхэг улс дэд бүтэц бус харин харилцаа холбооны салбарт ихэнхдээ хөрөнгө
оруулалт хийдэг. Мозамбик улс байгалийн хий, нүүрсний асар их нөөцөөрөө дэлхийн
хөгжиж байгаа орнуудын анхаарлыг зүй ёсоор татдаг. Тус улсын эдийн засагч
Жоаким Тобиас Даи “Африкт манай орны байгалийн баялгаас болж Хятад,
Энэтхэг хоёр асар их өрсөлдөж байна” хэмээн ВВС-ийн сурвалжлагчид ярьжээ[13].
Хятадууд зам, барилгын, харин энэтхэгүүд харилцаа холбоо, автомашины салбарт түлхүү ажиллаж
байгаа ч байгалийн хий, нүүрсийг аль аль нь сонирхож байна. Африкууд энэтхэгчүүдийн бизнесийг дэмжихийг
хүсч байгаа ч Энэтхэгийн төр нь иргэдээ дэмжихгүй байгаа тул хятадуудад байр
сууриа тавих магадлал их байгаа юм.
ХОЁР. ХЯТАДЫН СОЁЛЫН
ДАВАЛГАА
Африк тив дэх өөр нэг асуудал бол Хятадууд ажилчдаа аваад ирдэг тул орон
нутгийн иргэд ажилгүйдэл нь их боллоо гэх гомдол билээ. Танзани, Кениэс хятадын хууль бус иргэдийг албадан гаргах нь олширч
байгаа юм. Өөр бас нэг
албан бус зүйл бий. Хятад “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого явуулсны уршгаар
бүсгүйчүүдийн дутагдалд ороод байгаа нь нууц биш. Африкт илгээж байгаа
ажилчдынхаа “энэ асуудлыг” ч шийдэж байна. Хар хүүхнүүд шар хүүхэд төрүүлж
тэвэрч явахад хэдийнээ хэн ч гайхахаа больсон. Хар тив удахгүй “Хятад тив” болсон байхад
гайхах зүйлгүй болно. Африк тивд гэхэд л сая[14]
хол давсан хятад иргэн цагаачлан очоод амьдарч байгаа аж. Тэр ч байтугай Африкийн
20 гаруй оронд Күнзийн сургууль нээж Күнзийн сургаалыг зааж байна. Замбийн их
сургуульд[15]
аль хэдийнээ Хятадын Күнзийн сургаал байнгын судлагдахуун болсныг харахад
мэдэгдэнэ. Африкийн мянга мянган ирээдүйн боловсон хүчин болох
оюутнууд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр өмнөд хөршид сурч байна.
Хятад улс
сүүлийн хэдэн жил Африк тивийн улс орнуудад жижиг сажиг эд агуурсаас авхуулаад
төмөр зам, дэд бүтцийн бүхий л салбарт хөрөнгө оруулсаар ирлээ. Гэвч энэ нь
нөгөө талаараа Африк тивийн ард иргэдэд түгшүүрийг төрүүлж, ирээдүйд ямар нэгэн
улсаас санхүүгийн хараат болох вий гэсэн айдасыг бий болгож эхэлжээ. Тиймээс Африкийн "Afrobarometer" судалгааны
төвийнхөн Хятад улсын талаар африкчууд
ямар бодолтой явдгийг нь асууж лавласан байна. Судалгаанд оролцогчдын 63 хувь нь Хятад улсын Африк тивд оруулж буй
санхүүгийн хөрөнгө оруулалтыг эерэг нөлөөтэй гэж үзсэн бол 15 хувь нь сөрөг
нөлөөтэй, буруу гэжээ. Тэгвэл 2016 онд гаргасан өөр нэг судалгаагаар нийт
судалгаанд оролцогчдын 70[16]
гаруй хувь нь Хятадуудад эерэг ханджээ.
Гэхдээ улс
орон бүрд судалгааны хариу өөр
байсан бөгөөд жишээлбэл, Малид 92 хувь, Нигерт 84 хувь, Ливид 81 хувь нь
хятадуудын хөрөнгө оруулалтыг сайшаасан нь нэлээн өндөр үзүүлэлт байгаа
юм. Түүнчлэн судалгаанд хамрагдагчдаас хятадуудын хөрөнгө оруулалтын аль
салбар нь африкчуудад илүү чухал байгааг асуухад дэд бүтцийн салбар дахь
санхүүгийн тусламж гэж дийлэнх хувь нь хариулжээ. Дэд бүтцийн хөрөнгө
оруулалтын дараагаар 23 хувь нь хятад бараа бүтээгдэхүүний боломжийн үнэ, 16
хувь нь бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт, 6 хувь нь олон улсын зах зээлд
гарахад ихээхэн дэмжлэг үзүүлдэг, 5 хувь нь африкийн улс орнуудын дотоодын
харилцааг сайжруулахад туслалцаа үзүүлдэг хэмээн хариулсан байна[17].
Африкийн өмнөд Африкийн бүгд
найрамдах улс, Этиоп, Кени,
Танзани, Ангол зэрэг улсууд хятад бараа, бүтээгдэхүүний хамгийн их хэрэглэгчидтэй улсуудаар тодорчээ. Түүнчлэн боломжийн үнэтэй гар утас, машиныг
Хятадаас авдагтаа Африк залуус туйлын баяртай байдаг. Хятадын хямд бараа Африк тивийн алс бөглүү тосгон суурин, Йоханнесбург,
Каир, Луанда, Лагос хотуудын гудамж, дэлгүүрээр дүүрсэн нь үндэсний үйлдвэрлэл
үгүй болоход хүчтэй нөлөө үзүүлж байгаа юм.
Нийт
оролцсон 36 орны африкчуудаас аль орныг та бүхэн өөрсдийн ирээдүйн хөгжлийн
тулгуур хэмээн харж байна вэ? гэхэд АНУ тэргүүлж, Хятад улс удаалжээ. Ингэснээр АНУ-ын нөлөө ч Африк
тивд хүчтэй буйг харуулж байна. Мөн өмнө нь Африк тивийг колоничилж байсан Европын орнуудыг африкчууд
хөгжлийн үлгэр жишээ, нөлөөтэй улсууд гэж үздэг аж. Дээр дурдсанчлан африкчуудын 15 хувь нь
Хятадын хөрөнгө оруулалтыг сөрөг нөлөөтэй гэж үзсэний нэгдүгээрт Хятадын бараа
бүтээгдэхүүний чанарыг онцолж, хоёрдугаар ажлын байраа хятадуудад алдахаас
ихээхэн айж байгаа бөгөөд олон тооны хятадууд хямд хөлсөөр нутагт нь ажиллахад
дургүйцдэг ажээ. Франц, Англи, гээд хуучин тивийн колоничлогч улсуудын
хэл Хятад хэлээр солигдож байгаа нь тийм ч гайхмаар зүйл биш юм.
ГУРАВ. ХЯТАД АФРИКИЙН
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРТ
Сүүлийн
үед Хятад улс Африкийн аюулгүй байдлын салбарт илүү идэвхтэй
бодлогыг явуулах болсон. Үүнийг нь Хятадын удирдагч Си Жин Пин Өмнөд Африкийн түнш дээд хэмжээний уулзалтын үеэр онцлон тэмдэглэн Африкт энхийг сахиулах ажиллагааг явуулахын зэрэгцээ Хятадын 200 гаруй
энхийг сахиулагчаа
байнгын байрлуулсан..
Одоо
хятад энхийг сахиулагчид гол төлөв Суданд байрлаж байна. Гэхдээ Хятад энхийг сахиулагчдын “ложистик” баазыг Жибутид байгуулагдсан Америкийн “Кэмп Лемонье” цэргийн
баазаас холгүй 10 км зайтай байрлуулаад байгаа юм. Бээжингийн геополитикийн амбиц үүгээр илэрч
байна гэж гадаадын ажиглагчид үзэж байна. Энэ жилийн сүүлчээр Хятадын
тэнгисийн цэргийн бааз нь усан онгоцнуудын зогсоол, нисдэг тэрэгний талбай, зэр
зэвсгийн агуулах зэрэгтэй болох төлөвлөгөөтэй.
Францын
колони байсан Жибути нь Африк, Арабын хойгийг тусгаарласан Улаан тэнгисийн гарц
Баб-эль-Мандебскийн хоолойд стратегийн чухал байрлалтай. Эндхийн хоолойн өргөн
нь дөнгөж 20 миль бөгөөд өдөр бүр хоолойгоор дамжин 3.8 сая баррель түүхий
нефть гаргадаг байна. Дэлхийн худалдааны ойролцоогоор 20 хувь, Хятадын нефтийн
импортын тал хувь нь хөрш Аденийн булангаар дамжин өнгөрдөг. Жибути нь хөрш
Этиоп зэрэг Африкийн зарим орнуудын далайд гарах худалдааны гарц. Эдгээр
шалтгаанаар дөнгөж 23 мянган кв.км нутаг дэвсгэртэй, 900 мянган хүнтэй энэ
жижиг улс арван хэдхэн жилийн дотор хэнд ч хэрэггүй байсан цөлийн нэг хэсгээс
дэлхийн хүчирхэг орнуудын сонирхлын солбицлын төв болон хувирчээ. Хятадуудын
хувьд Африкт санхүүжилт хийж, оронд нь авч байгаа байгалийн баялаг, түүхий эдээ
Ази руу илгээхэд боомт хэрэгтэй. Жибути л үүнд хамгийн
тохиромжтой газар юм.
ДҮГНЭЛТ.
Африк тив дэх Хятадын үйл ажиллагаа улам бүр идэвхтэй
болж ойрын 10 жилийн дотор тус тивд ганцаараа ноёлж байхад гайхах зүйлгүй
болжээ. Хятадуудын хөрөнгө оруулалт нь Африкийн сул дорой тогтворгүй байдалтай
улс орнуудын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг нь тэнд хөрөнгө оруулалт чөлөөтэй
хийх үндсэн нөхцөл нь болж байна.
Нөгөө талаар БНХАУ-ын тус тивд хийж буй хөрөнгө
оруулалтын өөр нэг шалтгаан бол Хятадыг салан тусгаарлагч Тайвань арлаар
ойлгодог уламжлалт ойлголт бөгөөд Тайваньчуудын олж авсан байр суурийг хөрөнгө
оруулалтаар үгүй хийж буй бодлого юм. Африк тивийн хөгжил буурай зарим орон
эдийн засгийн улмаас Тайвань арлыг хүлээн зөвшөөрч байсан юм.
Африк тив өнөөдөр бүхий л талаараа Азийн их гүрэн
Хятадаас хамааралтай болсоор л байна. Африкчууд эрсдэл болгоомжлолоос
илүүтэйгээр эдийн засгийг нэгдүгээрт тавьж буй нь томоохон алдаа байж болох юм.
Гэвч Хятад нь Африкийн хувьд нэг номерын дайсан биш тул эрсдэлийг үл тоон
түншлэж байна.
[1] “China in Africa” http://www.cfr.org/china/china-africa/p9557
[2] “Chinese-Built Infrastructure In Africa May Not Be As Bad As Some Think” http://www.huffingtonpost.com/entry/china-infrastructure-africa_us_57b32e3ae4b0863b0284d2b3
[3] “Is China building everything in Africa?” http://www.globalconstructionreview.com/markets/china-buil7ding-everyt7hing-afri7ca/
[4] “Africa and China’s Construction Sector” http://thediplomat.com/2015/12/africa-and-chinas-construction-market/
[5] “The Africa investiment report 2016” http://forms.fdiintelligence.com/africainvestmentreport/thankyou.php
[6] “Новые колонизаторы Африки” https://lenta.ru/articles/2014/12/15/africa/
[8] “China’s direct investment in Africa: Reality versus myth” https://www.brookings.edu/blog/africa-in-focus/2015/09/03/chinas-direct-investment-in-africa-reality-versus-myth/
[9] “Setting the record straight on China’s engagement in Africa” https://www.brookings.edu/blog/order-from-chaos/2016/07/11/setting-the-record-straight-on-chinas-engagement-in-africa/
[10] “Is China building everything in Africa?” http://www.globalconstructionreview.com/markets/china-buil7ding-everyt7hing-afri7ca/
[11] “Chinese firm China Wu Yi to construct mega factory in Kenya ”https://constructionreviewonline.com/2016/07/chinese-firm-china-wu-yi-to-construct-mega-factory-in-kenya/
[12] “Thika Road” https://en.wikipedia.org/wiki/Thika_Road
[13] “India and China: A scramble for Africa?” http://www.ecfr.eu/article/commentary_india_and_china_a_scramble_for_africa_7086
[14]
https://www.brookings.edu/wp-content/uploads/2016/07/Chinas-Engagement-with-Africa-David-Dollar-July-2016.pdf
[15] “How China’s Confucius centres affect African culture” http://newafricanmagazine.com/how-chinas-confucius-centres-affect-african-culture/
[16] “Setting the record straight on China’s engagement in Africa” https://www.brookings.edu/blog/order-from-chaos/2016/07/11/setting-the-record-straight-on-chinas-engagement-in-africa/
[17] http://www.afrobarometer.org/data
Comments
Post a Comment